ШШГЕГ-ын даргын тушаал

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2013 оны 04 сарын 24 өдөр          Дугаар А/82                     Улаанбаатар хот

Журам батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 12 -ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  1. Энэ журмыг мөрдөж ажиллахыг газар, хэлтэс, харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар /хурандаа Б.Сэр-Од/-т даалгасугай.
  1. Энэ тушаал гарсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны А/30 дугаар тушаал, 2009 оны А/34 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА,  ХУРАНДАА                               Д.ЯДАМДОРЖ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын

 даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний

 өдрийн А/82 дугаар тушаалын хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгох, ажиллагсад үр бүтээлтэй, санаачлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажил, үйлчилгээний  чанарыг сайжруулах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхэд чиглэсэн дотоод харилцааг бүхэлд нь зохицуулахад оршино.

1.2.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт, энэхүү журмыг удирдлага болгоно.

1.3.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь /цаашид “ерөнхий газар” гэх/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд салбараа шууд удирдаж, үйл ажиллагаандаа төрийн албаны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, нээлттэй, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтална.

1.4.   Ерөнхий газар нь эрхлэх асуудлынхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй шууд, гадаад улсын ижил чиг үүргийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын бусад байгууллагатай холбогдох хууль тогтоомжид заасан журмыг үндэслэн Засгийн газар, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өгсөн чиглэлийн дагуу гэрээ, хэлэлцээр байгуулж хамтран ажиллана.

1.5.   Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтан, албан хаагч бүр чанд мөрдөх бөгөөд биелэлт, хэрэгжилтийн явцыг Захиргааны удирдлагын газар хагас жил тутам дүгнэн, дүнг ерөнхий газрын даргад танилцуулж байна.

Хоёр. Ерөнхий газрын удирдлага,

зохион байгуулалт, бүтэц

2.1. Ерөнхий газрыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газраас томилсон дарга удирдана.

2.2. Ерөнхий газрын дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Төрийн албаны тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн дагуу байгууллагын үндсэн чиг үүрэг, дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

2.3. Ерөнхий газар нь Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд /газар, хэлтэс, тасаг/-тэй байна.

2.4. Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нар өөрсдийн хариуцсан чиглэл, хүлээсэн үүрэг, ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг ерөнхий газрын даргын өмнө бүрэн хариуцаж, мэдээллээр шуурхай хангаж ажиллана.

2.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар ерөнхий газрын даргад зөвлөх үүрэг бүхий даргын зөвлөл ажиллах бөгөөд ерөнхий газрын даргын тушаалаар байгуулна.

2.6. Ерөнхий газрын даргын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааны дэгийг ерөнхий газрын даргын тушаалаар батлан мөрдөнө.

2.7. Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын буюу удирдлагын шуурхай зөвлөгөөнийг 14 хоног тутамд, нийт албан хаагчдын хурлыг сар тутамд зохион байгуулах бөгөөд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хууль, тогтоомж, дээд байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, цаг үеийн тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар холбогдох мэдээлэл, танилцуулгыг хэлэлцэн, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг товлоно.

Гурав. Ерөнхий газрын ажлын төлөвлөгөө,

тайлан, үнэлэх, мэдээлэх

3.1. Ерөнхий газар нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Захиргааны удирдлагын газраас  хэтийн төлөвлөгөөнд тусгах арга хэмжээний саналыг газар, хэлтсээс авч, нэгтгэн боловсруулж, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

3.2. Ерөнхий газар нь тухайн жилд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил, улирлаар үндэслэлтэй, зөв, бүрэн боловсруулан баталж, биелэлтийг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлэн, дүнг хагас, бүтэн жилээр нэгтгэн Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

3.3. Хэлтэс, тасаг нь Ерөнхий газрын жилийн төлөвлөгөөг үндэслэн өөрсдийн ажлыг жилээр төлөвлөж шууд удирдах газрын даргаар, газрын дарга нь Ерөнхий газрын даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган, хагас жил тутам тайлагнана.

3.4. Ерөнхий газрын хагас, бүтэн жилийн тайлангийн хурлыг тайлан гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хуралдуулна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг Ерөнхий газрын дарга батална. Хуралдаанд өмнөх хуралдаанаас гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээг Захиргааны удирдлагын газрын дарга танилцуулна.

3.5. Ерөнхий газрын хагас жилийн, жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны тайланд Хяналт, шалгалт дотоод аудитын хэлтэс хяналт-шинжилгээ, үнэлгээг хийнэ. Хяналт-шинжилгээ, үнэлгээг тайлан гарснаас хойш 21 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

3.6. Ерөнхий газрын дарга – Төсвийн төвлөрүүлэн захирагч нь Төсвийн ерөнхийлөн захирагч болон ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц /газар, харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга/-ийн менежертэй, газрын дарга нар нь өөрсдийн харьяа  хэлтсийн даргатай, хэлтсийн дарга нь шууд харьяалан удирдах алба хаагчидтай Үр дүнгийн гэрээг жил бүр байгуулна.

3.7. Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулна.

3.8. Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс Төсвийн төвлөрүүлэн захирагчийн үр дүнгийн гэрээний төслийг Төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн жил эхлэхээс өмнө буюу 12 дугаар сарын 31-ний дотор хүргүүлнэ.

3.9. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц байдал, биелэлтийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хагас жил, жилийн эцэст нэгтгэн тайлагнана.

3.10. Ерөнхий газрын газар, хэлтэс, тасаг харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүд үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц байдал, биелэлтийг Захиргааны удирдлагын газарт хагас жил, жилийн эцэст нэгтгэн тайлагнана.

3.11. Ерөнхий газрын газар, хэлтэс, тасаг харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүд хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дээд байгууллагын тогтоол, шийдвэр болон Ерөнхий газрын даргын тушаал, албан даалгаварын биелэлтийн мэдээг жил, хагас жил, улирлаар гаргаж, Захиргааны удирдлагын  газарт ирүүлнэ.

3.12. Ерөнхий газрын тухайн жилийн үйл ажиллагаанд Хяналт шалгалт, дотоод  аудитын хэлтсээс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гарган, нэгдсэн дүнг тогтоосон хугацаанд Хууль зүйн яаманд хүргүүлнэ.

3.13. Ерөнхий газрын төсвийн төслийг боловсруулах, батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газраас зохион байгуулна.

3.14. Ерөнхий газрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг Ерөнхий газрын дарга, түүний эзгүйд Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга,  Захиргааны удирдлагын газрын даргаар хянуулан, тэдний зөвшөөрснөөр холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг зохих албан тушаалтнууд гүйцэтгэнэ.

Дөрөв. Албан хаагчдын үйл ажиллагааг дүгнэх

4.1. Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төсвийн шууд /төвлөрүүлэн/ захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”,  “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”- ыг баримтална.

4.2. Алба хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтэд газар, хэлтэс, харьяа анги, алба, нэгжийн дарга нар, энэ журмын 4.1-т дурдсан журмын хэрэгжилтэд Захиргааны удирдлагын газрын дарга хяналт тавьж ажиллана.

Тав. Захиргаа, ажилтны эдлэх эрх, үүрэг

5.1. Захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

5.1.1.ерөнхий газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлэх;

5.1.2.ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах ажиллах нөхцөл, /албан өрөө, албаны телефон утас, компьютер, принтер, бичиг хэргийн хэрэгсэл гэх мэт/ албан үүргээ биелүүлэх бололцоогоор хангах арга хэмжээ авах;

5.1.3.холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, албан хаагчдаас сургалтад хамрагдах, мэргэшил дээшлүүлэх болон ахуй амьдралын талаар тавьсан хүсэлтэд анхааралтай хандаж, шаардлагатай тохиолдолд эд материалын болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлж байх;

5.1.4.албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангах, ажилтнуудыг жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулах, соёл, урлаг, биеийн тамир, спорт, аялал жуучлалын зэрэг арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байх;

5.1.5.цалин хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу сард 2 удаа олгох, тогтоосон хугацаанд ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу биеэр эдлүүлэх;

5.1.6.хөдөлмөрийн сахилгыг чанд сахиулж, жигд ачаалалтай ажиллуулан, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах;

5.1.7.ажилтан, албан хаагчидтай байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын үр дүнтэй нь холбогдуулан шагнал урамшуулал олгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох, албан тушаал дэвшүүлэх зэрэг асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шуурхай шийдвэрлэж байх;

5.1.8.төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчид албан томилолтын болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардал  зэрэг холбогдох  бусад нөхөн олговрыг олгох;

5.1.9.батлагдсан төсвийг захиран зарцуулж, төсвийн гүйцэтгэл зардлын тайланг улирал тутам гаргаж тайлагнаж байх;

5.1.10.ажилтан, албан хаагчдын санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж, хариу өгөх;

5.1.11.дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон асуудлыг Ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг  авч хэрэгжүүлэх;

5.2. Албан хаагч дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

5.2.1.Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн шийдвэр болон холбогдох бусад эрхийн актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

5.2.2.хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах захирагдах ёсыг чанд баримтлан ажиллах;

5.2.3.эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж , ажилдаа ирэх, явах зэрэгт өөрийн биеэр цагийн бүртгэлийн машинд цагаа бүртгүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах;

5.2.4.албан хэрэг, бичиг баримтын нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулан, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлэх зэргээр холбогдох журам, зааврыг мөрдөж ажиллах;

5.2.5.албан томилолтын зардлын тооцоог томиололтоос ирснээс хойш 3 хоногт багтаан дуусгаж, томилолтын хуудсыг хаалгах;

5.2.6.зохих журмын дагуу гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудсыг холбогдох нэгж, албан тушаалтанд бичиж өгөх;

5.2.7.хариуцсан эд хогшил, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гамтай эдэлж хэрэглэн, ашиглалт хамгаалалтын шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллан, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг холбогдох тогтоомжийн дагуу нөхөн төлөх;

5.2.8.хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлэх;

5.2.9.албан хаагч бүр Цэргийн дүрэмд заасны дагуу дүрэмт хувцсаа зөв хэрэглэж, төрийн албаны ажил үүргийн шаардлагад нийцүүлэн цэвэрхэн, төлөв түвшин хувцаслана. Ажлын цагаар дүрэмт хувцаснаас бусад хувцас, содон хэв маяг, загварын хувцас өмсөхийг хориглоно;

5.2.10.төрийн албан хаагчийн хувьд тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг шууд удирдах даргаар батлуулан, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах;

5.2.11.цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод, гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах эрхтэй;

5.2.12.өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээтэй  танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх эрхтэй;

5.2.13.албан ажлынхаа зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхэлж, албан үүргээ гүйцэтгэх үедээ захиалгаар зохиол, бүтээл туурвисан албан хаагч байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд заасан болзол, нөхцөлийн хүрээнд зохиогчийн эрх эдлэх;

5.2.14.төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлүүдэд заасан баталгаагаар хангагдах.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь энэ журмын 5.2-т зааснаас гадна Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг хүлээнэ.

 

Зургаа. Ажил, амралтын цагийн горим

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасны дагуу долоо хоногийн ажлын цаг нь 40, ердийн өдрийн үргэжлэл 8 цаг байна. Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна. /Хүчлэн хамгаалалт буюу өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед энэ заалт хамаарахгүй/.

6.2. Ажлын цаг өглөө 08.00 цагт эхэлж, 12.00-13.00 цагийн хооронд завсарлаж, орой 17.00 цагт дуусна. Долоо хоногийн бямба, ням гариг болон Хөдөлмөрийн хуулийн 76-р зүйлд заасан баярын өдрүүдэд нийтээр амарна. Үйлчилгээний албан хаагчийн ажлын цагийг горимыг хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан зохицуулж болно.

6.3. Албан хаагч ажилд ирэх, завсарлах болон ажлын цагаар гадагш явах түүнчлэн ажлын өдөр дуусахад байгууллагын цаг бүртгэгч буюу жижүүрт бүртгүүлнэ.

6.4. Албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн биеэр, эсвэл гэр бүлийн аль нэг гишүүнээрээ дамжуулан эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, чөлөө авах бөгөөд урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан бол ажилд ирээгүй шалтгааны талаар үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргана.

6.5. Ээлжийн ажилд дараагийн хүн ирэхээс өмнө ажлын байраа орхиж явахыг хориглоно. Байгууллагын захиргааны санаачилгаар илүү цагаар болон амралтын өдөр ажиллуулсан албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин  нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

Долоо. Чөлөө олгох, ээлжийн амралт

7.1. Албан хаагчдын амьдралд тохиолдсон аргагүй байдал түүний хүсэлтийг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгоно. Ажлын хоёр өдөр хүртэлх хугацааг чөлөөний хуудсаар, гурваас дээш өдрийн чөлөөг тушаалаар тус тус олгоно.

7.2. Ажлын бүтэн өдөр хүрэхгүй хугацаагаар /8 цагаас дээшгүй/ чөлөө авсан албан хаагчийг ажилласнаар тооцож ажлын тайланд тусгана. Чөлөө авсан албан хаагч хугацаандаа ирж ажиллаагүй, ирэх боломжгүй байгаагаа чөлөө олгосон албан тушаалтанд урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцон хууль тогтоомжид заасан сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно.

7.3. Албан хаагчийн төрсөн буюу үрчилсэн эцэг эх, хүүхэд, ах эгч, дүү буюу эхнэр нөхөр, хадам эцэг эх хүндээр өвчилсөн нас барсан түүнчлэн эхнэр нь амаржсан бол тухайн байгууллагын даргын тушаалаар 14 хүртэл хоногийн чөлөөг цалинтай олгоно. Бусад шалтгаанаар чөлөө авсан тохиолдолд цалин олгохгүй.

7.4. Цаг бүртгэгч буюу жижүүр цагийн бүртгэлийг сар бүрийн эцэст нэгтгэн дүгнэж, Захиргааны удирдлагын газрын даргад танилцуулсны дараа санхүүд шилжүүлнэ.

7.5. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу жирэмсэний болон амаржсаны, нярай хүүхэд үрчилж авсан эх, нярай хүүхэд үрчилж авсан ганц бие эцэг, гурав хүртэл насны  хүүхэдтэй эх, мөн насны хүүхэд үрчилж авсан ганц бие эцэгт тэдний хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгож болно.

7.6. Албан хаагчийг ажилласан хугацааг /үйлчилгээний/ нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн нэмэгдэл амралтыг жил бүр шинэчлэн тогтоож ээлжийн амралтыг хуваарийн дагуу Захиргааны удирдлагын газрын дарга, харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга олгоно.

7.7. Шинээр томилогдсон алба хаагч 6 сар ажилласны дараа ээлжийн амралт авч болно. Энэ заалт төрийн бусад байгууллагаас тус байгууллагад, эсхүл байгууллага дотроо шилжин томилогдсон албан хаагчид хамаарахгүй.

7.8. Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.

7.9. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгоно.

Найм. Ажил хүлээлцэх

8.1. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Захиргааны удирдлагын газраас судлан танилцсаны үндсэн дээр Ерөнхий газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Захиргааны удирдлагын газар нь төрийн үйлчилгээний ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг, цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг танилцуулсаны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай, эсхүл хугацаагүй гэрээг заавал бичгээр байгуулна.

8.2. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд хөдөлмөрийн хуульд нийцүүлэн нөхцөлийг гэрээнд заавал тусгана.

8.3. Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан шинээр томилогдсон ажилтанд хөдөлмөрийн дотоод журам болон Ерөнхий газрын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, тогтоол, шийдвэр ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт, төрийн албан хаагчийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулна.

8.4. Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө.

8.5. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн нэгж /газар,хэлтэс, тасаг/ -ийн даргыг байлцуулан ажил авах хүнд /хэрвээ ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн даргад/ тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг санхүү /нярав/-д хууль тогтоомжийн үндэсний сангаас лавлагаанд ашигласан материалыг сан хариуцсан ажилтанд, ном, сэтгүүлийг номын санд, ажлын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг зүйлсийг Захиргааны удирдлагын газрын холбогдох ажилтанд тус тус хүлээлгэн өгнө.

8.6. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан ажлын 3 хоногийн дотоо  багтан тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоог хийсний дараа хүний нөөцийн ажилтан түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан тухай шийдвэр нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгнө.

8.7.Энэ журмаар зохицуулаагүй ажил олгох, чөлөөлөх, хүлээлцэхтэй холбоотой харилцааг Хүний нөөцийн зааварт зааснаар зохицуулна.

Ес. Албан хаагчид тусламж үзүүлэх

9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдад тусламж, тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

9.2. Ажилтан, албан хаагч хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан тохиолдолд ар гэрт нь тэтгэмж олгох асуудлыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

9.3. Тус байгууллагын албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, үр хүүхэд/-гийн хүн нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгоно.

9.4.Байгалийн гамшиг /газар хөдлөх, гал усны аюул зэрэг/-т орон гэр нь өртсөн албан хаагчид 1.000.000 /нэг сая/ хүртэл төгрөгийн тусламжийг Ерөнхий газрын даргын тушаалаар олгож болно.

9.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад ажилтан нас барвал ар гэрт нь 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгоно.

9.6. Шинээр гэр бүл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын залуу албан хаагчид 500.000 /таван зуун мянга/ хүртэл төгрөгний үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.

9.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагч 1 сараас илүү хугацаагаар эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмнэлгийн магадлалыг үндэслэн 150.000 /зуун тавин мянга/ хүртэл төгрөгийн тусламж үзүүлнэ.

9.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчид тэтгэвэрт гарсан ахмад ажилтанд амьдралынх нь нөхцөл байдлыг харгалзан ахмадын зөвлөлийн шийдвэр, хорооны тодорхойлолтыг үндэслэн хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас мөнгөн болон эд материалын тусламж олгож болно.

9.9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдад тусламж олгоход дараах материалыг үндэслэнэ:

9.9.1.хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт;

9.9.2.нас барсны гэрчилгээ;

9.9.3.байгалийн гамшигт өртсөнийг тодорхойлох эрх бүхий байгууллага, албан тушаалтны тодорхойлолт /Онцгой байдлын ерөнхий газар, хорооны Засаг дарга/;

9.9.4.эмнэлгийн магадлал;

9.9.5.гэрлэлтийн баталгааны хуулбар.

Арав. Сахилга, хариуцлага

            10.1. Албан хаагч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, эрх зүйн актаар  хориглосон хэм хэмжээг зөрчсөн,  албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, холбогдох журам, зааврыг баримталж ажиллагаагүй  тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

10.2. Сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас шууд халах сахилгын шийтгэлийг оногдуулна. Дор дурдсан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцно:

10.2.1.ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн;

10.2.2.ээлжийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчийн буруутай үйлдлээс ялтан, хоригдогч оргосон;

10.2.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тогтоосон хууль, журам зөрчиж явуулснаас иргэд, байгууллагад хохирол учирсан;

10.2.4.байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны талаар нийгэмд ташаа мэдээ, мэдээлэл хүргэсэн;

10.2.5.сахилгын нэг зөрчлийг 2-оос дээш удаа гаргасан;

10.2.6.ялтан, хоригдогчийн биед санаатай гэмтэл учруулсан;

10.2.7.байгууллагын дотоод хяналт, шалгалтаар илрүүлсэн болон хууль тогтоомжоор ажлаас халах, чөлөөлөхөөр заасан бусад зөрчил.

10.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль тогтоомж, энэ журам болон үйлчилгээний стандарт, ёс зүйн дүрэм, бусад журам, зааврыг зөрчсөн албан хаагчид  тухайн зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан энэ журмын 10.2-т зааснаас бусад сахилгын шийтгэлийг ногдуулна.

10.4. Энэ журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.

10.5. Алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа холбогдох журам, зааварт заасны дагуу баримтаар нотолж, түүний гаргасан зөрчлийн шинж байдал, зөрчлийн улмаас үүссэн хор хохирлыг харгалзана.

10.6. Албан тушаалаас халах сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах нэгжийн болон Захиргааны удирдлагын газрын саналыг үндэслэн Ерөнхий газрын даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг Захиргааны удирдлагын газар өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж тушаалыг хүлээлгэн өгөхдөө гарын үсэг зуруулж авна.

10.7. Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд шагнал, урамшил олгохгүй.

Арван нэг. Бусад зүйл

11.1. Ерөнхий газар болон Ерөнхий газрын даргын эрхлэх асуудлыг хүрээний байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах, дотоод хяналт хийх, албан хаагчдыг шагнаж урамшуулах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

11.2. Албаны болон хувийн хэргээр Ерөнхий газарт нэвтрэх иргэнийг ерөнхий жижүүр, уулзах албан хаагч нь зөвшөөрсөн тохиолдолд биеийн байцаалтыг шалган, ажлын цагаар нэвтрүүлнэ.

—оОо—

Scroll To Top